Трамп, Клинтоны халз мэтгэлцээний ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮД
Бичсэн 11:37, 2016-09-30
Ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон, Дональд Трамп нарын анхны халз мэтгэлцээн өнөөдөр орон нутгийн цагаар 21.00 цагт Нью-Йорк хотоос зүүн зүгт 40 км-ийн зайд орших Хэмпстед хот дахь Хофстрын Их сургуулийн байранд боллоо. Халз мэтгэлцээний чиглүүлэгчээр NBC телевизийн сэтгүүлч Лестер Холт ажиллалаа.
Зургаан сэдвийн хүрээнд 90 минутын турш үргэлжилсэн телевизийн халз мэтгэлцээн тун ширүүн болж өндөрлөлөө. Сонгуулийн сурталчилгааны том арга хэмжээ болох халз мэтгэлцээнд хэрхэн оролцохоос нэр дэвшигчдийн сонгуулийн амжилт ихээхэн хамаардаг.
Хиллари Клинтон, Дональд Трамп нарын анхны халз мэтгэлцээн АНУ-ын түүхэн дэх хамгийн ИХ АНХААРАЛ ТАТСАН халз мэтгэлцээн боллоо гэж мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь үзсэн хүний тоо ойролцоогоор 100 саяд хүрчээ.
Иргэдийн дунд хамгийн сүүлд явуулсан судалгаагаар Хиллари Клинтон рейтингээрээ өрсөлдөгчөө хоёр хувиар тэргүүлж байсан.
ХИЛЛАРИ КЛИНТОН 10 САЯ АЖЛЫН БАЙРЫГ ШИНЭЭР БИЙ БОЛГОНО
Халз мэтгэлцээний эхний асуулт шинээр ажлын байр бий болгоход нэр дэвшигчид ямар арга хэмжээ авах талаар байлаа. Үүнд Хиллари Клинтон:
-Ирээдүйд тулгуурласан шинэ ажлын байр бий болгох эдийн засаг бидэнд хэрэгтэй. Үүний тулд жижиг дунд бизнесийг дэмжих хэрэгтэй” гэв. Мөн Клинтоны боловсруулж буй эдийн засгийн төлөвлөгөөгөөр шинээр 10 сая ажлын байр бий болох аж.
Харин үүний хариуд Дональд Трамп:
-Гадаадын компаниуд америкийн зах зээлээс “дайжиж” байна. Иймээс бид улс орнуудтай дахин гэрээ хэлэлцээ хийх шаардлагатай” гэв. Хэрэв Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд АНУ-д ажлын байрыг нэмэгдүүлнэ. Мөн Америкийн корпорацуудад ногдуулж буй татварын хэмжээг бууруулна гэлээ. АНУ ажлын байраа Хятад, Мексик зэрэг улс оронд алдаж буйг тэрбээр онцоллоо. Түүнчлэн гаднын компаниуд АНУ-ын зах зээлд үйл ажиллагаагаа явуулахын тулд бизнес эрхлэгчдэд боломжийн санал дэвшүүлэх хэрэгтэй. Ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд гаднын компаниудыг эргэн татна гэлээ.
Мөн Дональд Трамп АНУ-ын аж ахуйн нэгжүүдийн татварыг 45 байгааг 15 хувь хүртэл бууруулна. Транс-Номхон далайн түншлэл худалдааны гэрээг дахин байгуулна. Учир нь тус гэрээ Америкчуудын ажлын байрыг үгүй хийж байна гэдгийг хэллээ.
КЛИНТОН ХУВИЙН МЭЙЛ АШИГЛАСАН АЛДААГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЛӨӨ
Хиллари Клинтон АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байхдаа хувийн мэйл хаягаа албаны хэрэгцээндээ ашигласан нь санаатай хийсэн үйлдэл гэж Трамп халз мэтгэлцээний үеэр мэдэгдлээ.
Харин үүний хариуд Хиллари Клинтон алдаа гаргасан гэдгээ дахин хүлээн зөвшөөрч, “Би өөрийгөө өмөөрөхгүй. Алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрнө. Гэхдээ энэ бол алдаа. Санаатай хийсэн үйлдэл биш” гэв.
Түүнчлэн Хиллари Клинтон улс төрч Дональд Трамп ч гэсэн татварын асуудлаа нууцалдаг гэдгийг хэллээ. “Трамп ярьж байгаа шигээ баян биш ч байж мэднэ. Тэр буяны үйлст тийм ч их мөнгө зарцуулдаггүй ч байж мэднэ. Магадгүй тэр Уолл-стритийн банкируудад өртэй. Эсвэл тэр татвараа төлөөгүй ч байж мэднэ. Америкчууд үүнийг мэдэх эрхтэй. Трамп татвар төлөлтийн тайлангаа олон нийтэд ил болгох ёстой” гэж мэдэгдлээ.
Харин үүний хариуд Дональд Трамп “Хэрэв Хиллари Клинтон хувийн мэйл хаягаа ашиглан бичсэн 33 мянган мэйлээ олон нийтэд ил болгосон тохиолдолд би татварын тайлангаа зарлахад бэлэн байна” гэлээ. Мөн тэрбээр аудитын шалгалт явагдаж байгаа учир татварын тайлангаа олон нийтэд зарлах боломжгүй байгаа талаар учирлалаа.
ТРАМП АМЕРИК ДАХЬ АРЬС ӨНГӨНИЙ ҮЗЛИЙГ АРИЛГАНА
Африк гаралтай америкчууд болон испани хэлтнүүд хэзээ, хэний гарт амиа алдах бол гэсэн айдас дунд амьдарч буйг Трамп онцоллоо. Хэрэв тэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдвол АНУ дахь арьс өнгөний үзлийг арилгахын тулд хичээн ажиллана гэлээ.
Харин Хиллари Клинтон АНУ-д сүүлийн үед үүсээд нөхцөл байдал, арьс өнгөний үзлийг арилгахын тулд жирийн иргэд болон хууль сахиулах байгууллага цагдаа нар хоорондын итгэлцлийг дахин бий болгох шаардлагатай гэж үзэж буй юм. Улс оронд газар аваад буй зэвсэгт халдлагад цэг тавих хэрэгтэй гэлээ.
“ИСЛАМЫН УЛС” ОБАМА, КЛИНТОН НАРЫГ БУРУУ БОДЛОГООС ҮҮССЭН ГЭВ
Хиллари Клинтон “Исламын улс” алан хядах бүлэглэлтэй тэмцэхийн тулд мэдээллийн технологиос гадна агаарын дайралт хийх ёстой. Бид Сирийн халиф бүлэглэлийг дарж чадаж байна. Энэ жилдээ багтаан бид Иракийн газар нутгийг хэт даврагчдын эрх мэдлээс буцаан авч чадна гэдэгтэй итгэлтэй байна гэлээ. Мөн тэрбээр Трампад “Исламын улс бүлэглэл”-ийг дарах нууц төлөвлөгөө байгаа гэж ярьдаг ч нууцлаад байгаагаас нь харахад түүнд ямар ч төлөвлөгөө байхгүй гэж би харж байна гэж мэдэгдлээ.
Үүний хариуд Дональд Трамп “Ойрхи Дорнодод үүсээд буй дайн дажин, зэвсэгт мөргөлдөөн Обамагийн засаг захиргаа болон Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны гадаад бодлогын хүчинд үүссэн. Буруу бодлогын улмаас "Исламын улс" алан хядах бүлэглэл бий болсон” гэв. Обама, Хиллари нар Ирак Афганистнаас цэргээ татаагүй бол энэ бүлэглэл үүсэхгүй байсан. Газрын тосны зах зээлд хяналт тавьсан бол “Исламын улс” ийнхүү хүчээ авахгүй байсан гэлээ.
Мөн "НАТО-д 28 гишүүн байдаг ч АНУ тус нийгэмлэгийн зардлын бараг 60 гаруй хувийг бүрдүүлдэг. Гишүүн улсууд "Исламын улс" бүлэглэлийн асуудалд анхаарал хандуулахгүй байна" гэж мэдэгдлээ.
Харин Клинтон "Барак Обама цэргээ татсан хүн биш. Өмнөх Ерөнхийлөгч Жорж Бушийн үед энэ шийдвэрийг гаргасныг Трампад сануулмаар байна" гэдгийг онцоллоо. Түүнчлэн тэрээр НАТО-гийн гишүүн орнууд Исламын улс бүлэглэлийн үйл ажиллагааны эсрэг тэмцэж буйгаа хэллээ.
КЛИНТОН: ОХУ-ААС САНААТАЙГААР КИБЕР ХАЛДЛАГА ЯВУУЛЖ БАЙНА
Кибер халдлагын талаарх асуултад Хиллари Клинтон “ОХУ-аас АНУ-ын олон байгууллагын эсрэг санаатайгаар кибер халдлага явуулдаг. Ирээдүйн Ерөнхийлөгчийн хувьд кибер халдлагын асуудал нэн даруй тэмцэх хэрэгтэй асуудлуудын нэг байх болно гэлээ.
Түүнчлэн тэрээр Трамп Путины бодлогыг дэмждэг болон түүний талаар сайнаар ярьдаг хэмээн онцоллоо. Трамп Путинд өөрийн улсынхаа мэдээллийг өгөх боломж олгосон гэж би үзэж байна гэв.
Кибер халдлага Оросоос уу, Хятадаас уу гэдгийг бид мэдэх боломжгүй. Кибер халдлагад анхаарал татсан ноцтой асуудал байгаа гэдэгт би тантай санал нийлж байна гэж хэллээ.
Халз мэтгэлцээний төгсгөлд Дональд Трамп "Сонгуульд Хиллари Клинтон ялна гэдэгт би итгэхгүй байна. Гэхдээ тэр ялалт байгуулсан тохиолдолд би түүнийг дэмжинэ" гэлээ.
Харин Клинтон "Америкчуудын сонголт болон ардчиллыг дэмжинэ" гэдгээ илэрхийллээ.
Эх сурвалж: ВВС, CNN